Х.Нямбаатар: Сонгинохайрхан дүүрэгт ус цуглуулах сан байгуулна
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулаг орчимд уулын ус бууж, хөрсний усны түвшин нэмэгджээ.Тухайн байршилд үерийн усны даланг бэхжүүлэн, өргөтгөх, хөрсний ус зайлуулах насос станц, ус цуглуулах усан сан байгуулах зэрэг ажлыг энэ оны бүтээн байгуулалтын ажилд оруулахаар болсон байна.
Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хийсэн 7.6 км үерийн даланг үргэлжлүүлж, усны суваг болгон бэхжүүлэх, хөрсний ус зайлуулах насос станц байгуулах, Сонгинохайрхан дүүргийн 18, 19 дүгээр хорооны заагт ус цуглуулах усан сан байгуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотод ус зайлуулах ганц станц байдаг бөгөөд тэр нь социализмын үед хийгдсэн. Тиймээс хөрсний ус зайлуулах станцыг дор хаяж 10 байршилд байгуулна хэмээн хотын дарга амлажээ.Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах 7.6 км үерийн даланг үргэлжлүүлэн дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн далантай холбож, үерийн усны суваг болгон бэхжүүлэх ажлыг НҮБ-ын Хапитат байгууллагын хийж буй зураг төсөлтэй уялдуулан хийх юм байна. Хөрсний ус зайлуулах насос станц, ус цуглуулах усан сан зэргийг цогцоор нь хийх бүтээн байгуулалтын зураг төслийг УБЗАА, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, Сонгинохайрхан дүүрэг хамтран яаралтай дуусгах аж.
Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 5, 24, 26, 40, 41 дүгээр хорооны айл өрхүүдийн хөрсний усны түвшнийг бууруулна гэж үзжээ.