Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлээр цагдан хорихоор боллоо
Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд хууль зөрчин их хэмжээгээр эзэмшүүлсэн сумын Засаг дарга Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг цагдан хорьж, хэргийг шалгахаар болжээ.
Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг яллагдагчаар татан цагдан хорих санал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч шүүгч Д.Дарьсүрэн хүлээн авахаас татгалзсан. Тэгвэл түүний захирамжийг хүчингүй болгуулж, уг хоёр яллагдагчийг цагдан хорьж шалгах ёстой, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэлтэй хэмээн прокурор нь үзэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу хэлэлцээд Х.Нэхийт, Ш.Эрдэнэжаргал нарыг цагдан хорьж шалгахаар ийн шийдвэрлэсэн байна.
Эл хэргийн бас нэгэн яллагдагч Б.Бадраад хилээр гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээгээ Ханбогд сумын шүүхийнхэн хүчингүй болгосноор тэрбээр биеэ эмчлүүлэх нэрээр БНСУ руу явсан. Түүнийг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргаад байна.