Хүүхдүүдийг ялгаврлан мөнгө олгох шийдвэр гаргасан нь төр Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэр байв
Засгийн газраас энэ онд "Хүүхдийн мөнгө"-ийг нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр олгохоор болсон нь багагүй иргэдийг бухимдуулаад байна. Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ иргэд "ehalamj.mn", "E-mongolia.mn" гэсэн хоёр цахим сайтад нэвтэрч шалгадаг. Гэвч, нэгд, тухайн сайтуудад нэвтрэхэд хүндрэл гарахаас гадна өрхийн мэдээлэл нь бодит байдлаас зөрүүтэй байгаа учир иргэд бухимдалтай байгаа. Төрөөс хүүхдийн мөнгийг олгохдоо төрийн таван байгууллагын 12 үзүүлэлтээр тухайн өрхийн амьжиргааны түвшнийг үнэлсэн байна гэж Засгийн газраас тайлбарлаж буй ч иргэдийн мэдээлэл худал тэдний ам бүлийн тоо нэмэгдэж, өөр овог нэртэй хүн оршин суугаа газар нь байрлах гэх мэтээр асуудал хэвийн бус болж өрнөж байна. Мөн өрхийн мэдээлэл зөрсөн бол иргэд оршин суугаа хороо, дүүрэгтээ хандаж, бүртгэлээ шинэчлэхийг Засгийн газрын сайдууд өчигдөр мэдээлсэн. Төрийн олон сая төгрөгөөр зарцуулж босгосон "ehalamj.mn", "E-mongolia.mn" сайтууд нь хачир дээрээ чадамжгүй гэдгийг баталлаа. Тиймээс хүүхдийн мөнгөө авах гэсэн иргэд хороо, хориноо зорих нь ихэсчээ. Хамгийн гол нь төрийн хийсэн бүхэн иргэддээ ээлтэй биш, ямар нэгэн асуудал гаргахад хулгай луйвар, болж бүтэхгүй өнгө аястай болсон нь олон юмны зах зухаас харагдсаар байгаа явдал. Эцэстээ ЦАХИМ МОНГОЛ боллоо хэмээн сүржигнээд байсан нь бас л худлаа болж таарав. Одоо иргэдээ өөрснөө хороо хорин дээрээ очиж орлогоо мэдүүл, бичиг баримтаа янзлах ажлыг давхар чигрэгдэл болгож өгч байна. Мөн Монголын төр түүхэндээ анх удаа хүүхдийн мөнгийг нийгмийн гарал, давхаргаар нь ялгасан нь Үндсэн хуулиа зөрчсөн хамгийн хөгийн болчимгүй явдал болов. Энэ алдаагаа засахгүй бол энэ цагийн төрийг хамгийн харанхуй бүдүүлэг төр гэж түүхэнд бичигдэж магадгүй юм. 3 хан сая гаруй иргэнийг олигтой ч авч явж чадахгүй попрох энэ төрийг яах вэ. Тэднээс илүү удирдах хүн байхгүй юм шиг юу хийхийг нь харж юу дуулгавартай байсаар залхлаа. Яаж хулгай хийхийг нь харлаа. Төрд нүүрэлсэн хулгайтайгаа ч тэмцэж байгаа юм алга. Харин тэд одоо хүүхдүүдийнхээ мөнгийг танаж байна.