Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболдод 2 жилийн тэнсэн харгалзах ял оноов
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболдод холбогдох хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэжээ.
Тодруулбал, тус шүүхээс Капитал банкны гүйцэтгэх захирал А-г Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Ингэхдээ хохиролд 5,300,333,291.85 төгрөгийг гаргуулж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэжээ.
Мөн Капитал банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Я, дэд бөгөөд Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Д нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэм буруугүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.