Израилийн арми Палестины сая гаруй иргэн орогнож буй Рафах хотод гэнэтийн цохилт өгчээ
Израилийн арми даваа гарагийн шөнө Палестины сая 500 мянга орчим иргэн дүрвэж ирсэн Рафах хотод гэнэтийн цохилт өгчээ. Даваа гарагийн шөнө Израилийн армийн өгсөн цохилтуудын үеэр шөнө унтаж байсан хэдэн арван иргэн амь насаа алдсаны дотор хүүхэд, эмэгтэйчүүд олон байсныг Палестины эрх баригчид мэдэгдээд байна.
Израилийн хүчин агаараас цохилт өгөх үеэр явган цэргүүд Палестины Хамас бүлэглэлийн барьцаанаас хоёр иргэнийг сулласан байна. Израилийн батлан хамгаалах хүчний мэдэгдсэнээр даваа гарагийн шөнө 00:50 минутын үед Рафах хотын Шабура дүүрэгт террористуудын эсрэг ажиллагааг эхлүүлсэн гэлээ. Үүнээс хойш цаг орчмын дараа тусгай хүчний ажиллагаагаар Хамас бүлэглэлийн барьцаанаас 70 настай Луис Хар болон 60 настай Фернандо Марман нарыг суллажээ.
Эдгээр хүмүүс өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Палестины Хамас бүлэглэлийн хийсэн дайралтын үеэр барьцаалагдсан байна. Барьцаанаас суллагдсан хоёр хүн дөрвөн сар гаруйн хугацаанд Хамасынхны гарт байсан ч эрүүл мэндийн байдал нь харьцангуй сайн байсан гэдгийг мэдээлжээ.
Израилийн тусгай хүчин, армийн хамтарсан дайралтын үеэр даваа гарагийн шөнө Рафах хотод багадаа 100 хүн амиа алдсан гэж Газын эрүүл мэндийн газраас мэдэгджээ. Хамасын удирдагчдын хэлснээр даваа гарагийн шөнө Израилийн армийн явуулсан агаарын цохилтод Рафах хотын төвийн 14 байшин, гурван сүмийн барилга сүйтгэгдсэн байна.
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху ажиллагаа амжилттай болсон гэж сайшаасан байна. Мөн тэрээр Хамас бүлэглэлийг бүрэн устгаж, энэ дайнд ялалт байгуулах хүртлээ цэргийн ажиллагааг зогсоохгүй ба үлдсэн барьцааны иргэдийг бүгдийг суллана гэж мэдэгджээ.