Г.Сайханбаяр: Сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлнэ, хүний аминд хүрсэн ухуулагчийг би танихгүй
Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан хүн амиын хэрэгтэй холбогдуулан МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярт ёсзүйн хариуцлага хүлээлгэж, нэрийг нь татахаа мэдэгдээд буй.
Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Юуны өмнө Өвөрхангай аймгийн Сант суманд 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдалд талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Би Монгол цэргийн хүн, эцэг хүн, эр хүний хувьд туйлын их харамсаж байна. Би өөрийнхөө улс төрийн ёсзүйг баримталж, монгол хүний жудгийг сахиж, сонгуулийн сурталчилгаагаа зогсоогоод байна. Гэтэл АН-ын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч Ганбаатар нар намайг улс төрийн захиалгат аллагад ичгүүр сонжуургүйгээр гүтгэж байна. Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ. Энэ их уй гашууг улс төрийн өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй асуудлаа нэн даруй зогсоохыг Монгол хүний ёсоор шаардаж байна. Би энэ асуудлыг сонгуулийн болон хуулийн бүх шатны байгууллагад тавина гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Ганбаатар, Л.Гантөмөр нартай олон түмний өмнө нүүр тулж, уулзахад бэлэн байна.
Уулзана гэж бодож байна. Эцэст нь УИХ-ын энэ удаагийн сонгуульд нэр дэвшин оролцож байгаа нийт нэр дэвшигчдэд ёсзүйтэй, шударгаар өрсөлдөхийг уриалж байна" гэсэн мэдээллийг хийлээ. Тэрбээр МАН-аас нэрийг нь татаж буй асуудалд "Хоёрхон тохиолдолд нэр дэвшигчийн нэрийг татна. Нэгдүгээрт, нэр дэвшигч амь насаа алдсан тохиолдол, хоёрдугаарт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарвал. Тиймээс нэр дэвшигчийг татах асуудал яригдахгүй. Нам нэр дэвшигчийг татах эрхзүйн үндэслэл байхгүй. Сонгуулийн сурталчилгаанд үргэлжлүүлэн оролцож, өрсөлдөх ажиллагаагаа үргэлжлүүлнэ" гэсэн байр суурийг илэрхийллээ.