Г.Олонбаатар “Шилдэг бөхөн хамгаалагч” шагнал хүртлээ
Узбекистан улсын Самарканд хотод Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурал боллоо. Тус хурлын Бөхөн хамгааллын салбар хуралдааны үеэр “Шилдэг бөхөн хамгаалагч” шагналаар Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн олон янз байдлын мэргэжилтэн Г.Олонбаатарыг шагнажээ.
Мөн Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн ахлах судлаач, амьдрах орчны хөтөлбөрийн менежер Б.Бүүвэйбаатар Монгол орны бөхөнгийн хамгаалал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьжээ. Тэрээр бөхөнгийн тоо толгой 2018 оноос 2023 оны хооронд 3391-ээс 15540 болтол өссөнийг онцолжээ.
Түүнчлэн Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн залуу судлаач Ч.Баярмаагийн бөхөн хамгааллын жижиг төслийн хүрээнд 2023 онд хийсэн бөхөнгийн идэш тэжээлийн судалгааны ажил нь хуралд оролцогчдын анхаарлыг ихэд татаж, сайшаагдан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны ажлаар үнэлэгдэж, тэтгэлэгт шагналаа гардсан байна.