Ганга нуур ширгэсэн нь эх цутгал булгуудын ширгэлт, элс, шороон шуурганаас үүдэлтэй бохирдол, нуур орчмын 20 мянга гаруй малаас үүдэлтэй бохирдол зэрэг олон шалтгаанаас болсон.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төслийг эхлүүлсэн. Энэ төслийн хүрээнд молцог элсний ургамалжилт болон Ганга нуурын хагшаасын судалгаа хийжээ. Мөн нуурын хамгаалалтын 16 км хашаа татсан байна. Нуурыг малын хөлөөс чөлөөлөх зорилгоор Ганга нуур орчмын 45 өрхийн дунд бэлчээрийн зориулалттай 10 худгийг гаргаж малчдад хүлээлгэж өгсөн бөгөөд нуурын салхин дээд талд 10 га-д 8000 гаруй мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлжээ.
2017 оноос Ганга нуурыг хамгаалах ажил эрчимтэй явагдсаны үр дүнд нуурын экосистем сэргэж 2005 оны усны түвшингийн хэмжээнд хүрсэн байна.
Үүний нөлөөгөөр 2022 оны намар Ганга нууранд 7000 гаруй хун шувуу чуулсан нь орон нутгийн иргэд, шувуу судлаачдыг баярлуулсан юм
гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.