Эцэг эх нь "туслах багшийг хүүхдээсээ хол байлгаач" гэсэн учир ажлаас нь түр түдгэлзүүлжээ
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн туслах багш хоёр настай хүүхдийг зодсон талаар ар гэрийнхэн нь цахим хуудаст бичсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Цэцэрлэгийн багш өөрөө хүүхдэд гар хүрээгүй гэсэн учир эцэг эх нь багшийн үгэнд итгэж хуулийн байгууллагад тухайн үед хандаагүй. Гэтэл камерын бичлэгээр нотлогдсон.
Үүнийг үзсэн эцэг эх нь туслах багшид гомдолтой гэдгээ илэрхийлж, хүүхдээ тус цэцэрлэгт үргэлжлүүлэн явуулна. Харин өнөөх туслах багшийг хүүхдээсээ хол байлгахыг эцэг эх нь хүссэн. Энэ дагуу туслах багшийг ажлаас нь түр түдгэлзүүлжээ.
Туслах багшийн хоёр настай хүүхдийг зодсон хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж дуусаагүй учир ийн түдгэлзүүлэх шалтгаан болсон байна.