Дүнжингаравын уулзварт 60 тонн газ дэлбэрэлт болсон БЗД-ийн 26 дугаар хорооны ээжүүд цэцэрлэгүүдэд галаас хамгаалах бөмбөг хандивлажээ
Өнгөрсөн нэгдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин осолдож, дэлбэрсний улмаас гал түймэр гарч, гурван гал сөнөөгч, дөрвөн энгийн иргэн түймэрт өртөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан
Түүнчлэн гал түймэрт тус хорооны "Глобал" сургуулийн хажуугийн 60 айлын орон сууц өртсөн бөгөөд 10 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж, 20 гаруй автомашин шатсан юм. Энэ гашуун түүхийг давтахгүйн тулд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны одонтой ээжүүд “Аз жаргалаа хамгаалцгаая” аян өрнүүлжээ. Улмаар тус хорооны цэцэрлэгүүдэд галын бөмбөлөг хандивлаж байгаа аж. Тус бөмбөлөг хор нь хүний хүч хамгийн багатай галын унтраадаг, галын үед чимээ өгч хүмүүсийг анхааруулдаг гээд маш олон давуу талтай гэдгийг аяны санаачлагчид онцолсон байна. Энэ талаар аяны санаачлагч Х.Хосцэцэг "Болзошгүй галын аюулаас өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хэн нэгэн хамгаалж өгөхийг хүлээх биш өөрсдөө урьдчилан сэргийлж хамгаалъя гэсэн зорилгоор энэ аяныг эхлүүлсэн.
Бидний амьдралын утга учир болсон хүүхдүүд маань сурч, хүмүүждэг цэцэрлэгүүд энэ тал дээр ямар бэлтгэл, сэргийлэлт байдаг бол гэж бодсон. Бас очиж нүдээрээ үзээд, энэ ажлыг эхлүүлсэн" гэлээ.