Д.Сумъяабазар: Нийт 1642 барилга барих эрхийг цуцална
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2016 оноос өмнө барилгын зөвшөөрөл аваад одоог хүртэл барилга бариагүй газар болон үерийн судалгааны тайлан, үерийн эрсдэлтэй бүс дэх 3000 айлыг шилжүүлэн нүүлгэх тухайд, мөн S'Outlets, Aqua garden барилгын асуудлаар мэдээллээ.
Тэрбээр "Архитектур төлөвлөлтийн асуудал хамгийн их бий. Нийт 294 852 барилга байгууламж, 116 секторыг хот байгуулалтын санд бүртгээд буй. Түүнчлэн 441 га талбайг барилга бүрхсэн байдалтай байна. Хүн амын нягтаршил 142 байршилд төвлөрсөн байдалтай, 1642 архитектурын даалгавар бий. Засгийн газрын хуралдаанаар эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол энэ хэмжээгээр барилгын тоо нэмэгдэнэ. Хот байгуулалтын тухай хуульд зааснаар 70 хувь нь барилга, 30 хувь нь ногоон байгууламж байна хэмээн УИХ хуулиар баталсан. Тохижилт 30, барилгажилт 40, гудамж, явган хүний зам талбай 15, авто зогсоол 15 хувь байхаар цаашид арга хэмжээ авч ажиллана. Бид үүнийг барьж ажиллах хэрэгтэй. 1642 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгоно. Энэ нь барилга барих эрхийг нь цуцална гэсэн үг юм" гэлээ.
Онцгой хамгаалалтын бүсэд өртсөн нийт 1887 нэгж талбар байна. Голын ай сав газарт баригдсан “Aqua Garden” хороолол, S outlets дэлгүүр, Шунхлай шатахуун түгээх станцыг буулгана. Хуулийн хүрээнд буулгах бүрэн боломжтой. Мөн эдгээр асуудлаар захирамж гаргасан" гэлээ.