Дональд Трампын "царайлаг" зураг $7 саяыг олжээ
АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн Пүрэв гарагт Жоржиа мужийн Фултон тойргийн шоронд сэжигтнээр бүртгүүлснийхээ дараа барьцааны мөнгөөр суллагдсан юм.
2020 оны сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр Жоржиа мужийн сонгуулийн хороонд дарамт шахалт үзүүлсэн хэрэгт буруутгасан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Цагдаа нар Трампын материалыг бүрдүүлэхдээ гэрэл зургийг нь авч хавсаргасан юм. Ингэснээр тэр АНУ-ын түүхэнд сэжигтний гэрэл зураг авхуулсан анхны ерөнхийлөгч асан болсон нь дуулиан тарвсан юм. Шоронд хэргийн сэжигтэний зураг авхуулсныгаа Трамп “аймшигтай мэдрэмж”, “таатай санагдаагүй” хэмээн ярьсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас сэтгүүлчид Трампын зургийн талаар сэтгэгдлийг нь асуухад “Царайлаг гарсан байна лээ" хэмээн шоглосон.
Харин Трампын сонгуулийн штаб уг гэрэл зургийг нь хэвлэсэн аяга, цамц, малгай, стикер зэргийг борлуулаад хэдхэн өдрийн дотор $7 саяыг олжээ. Өнгөрсөн баасан гарагт $4.18 саяыг олсон нь Трампын сонгуулийн кампанит ажлын түүхэнд нэг өдрийн дотор хамгийн их мөнгө орсон тохиолдол болсныг түүний штабын хэвлэлийн төлөөлөгч Стивен Чюн өчигдөр сошиал хуудсандаа мэдээлсэн байна.
Жоржиа мужийн сонгуулийн тойрогтой холбоотой хэргээс гадна Трамп өөр дөрвөн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа.