Дарь-Эхэд үерт өртсөн 280 өрх бүрд таван сая төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ
Баянзүрх дүүргийн Онцгой Комиссоос Дарь-Эхэд үерт өртсөн өрхүүдэд таван сая төгрөгийн дэмжлэг олгох санал гаргасан. Үүнтэй холбоотойгоор тус дүүргийн ИТХ-ын 14 дүгээр ээлжит хуралдаан өнөөдөр болж, үерт өртсөн 280 өрх бүрд таван сая төгрөгийн нэг удаагийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ талаар Дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр "Үерт өртсөн өрхөд өнчин, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй ээжүүд багтаж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа, орон гэргүй болж айл дамжсан, цэцэрлэг, сургуулийн хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангаж чадаагүй, гудамжинд гуйлга гуйгаад сууж буй нөхцөл байдалтай байгаа. Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр үерт өртсөн газар дээр очиж ажиллаад, 383 өрхөөс нэн шаардлагатай 280 өрх бүрд таван сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргалаа. Дүүргийн ЗДТГ-ын үйл ажиллагааны зардлаасаа танаж, энэхүү тусламжийг өгөх юм. Тусламжийн мөнгийг дулааны улиралд иргэдийн данс руу нь шилжүүлэх ажлыг богино хугацаанд зохион байгуулна" гэв.