"Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэнд Монгол Улсаас нийт 400 гаруй үзмэр дэлгэнэ
БНФУ-ын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд "Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн 2023 оны аравдугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулагдана. Тус үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжиж ажиллаж байгаа бөгөөд цаашлаад соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, музейн салбарыг чадавхжуулах олон талт ажлуудыг төлөвлөн, бэлтгэл ажлууд үе шаттайгаар хийж буй аж.
Үзэсгэлэн нь хоёр улсын хамтын ажиллагаа, соёлын сурталчилгааны хүрээнд ашгийн бус зорилгоор зохион байгуулагдана.
Монголын Эзэнт гүрэн байгуулагдсан түүхийг харуулахын зэрэгцээ Чингис хаан, түүний залгамжлагчид тив дамнасан эзэнт гүрнийг хэрхэн байгуулсныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.
Үзэсгэлэнд Монгол Улсаас нийт 400 гаруй, Европын зарим улсаас 150 гаруй үзмэр дэлгэнэ.