БҮЛЭГ ХҮҮХДҮҮДЭД ЗОДУУЛСАН 14 НАСТАЙ ХҮҮГИЙН ГЭМТЛИЙН ЗЭРГИЙГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА
Өсвөр насны хүүхдүүд бүлэглэн наймдугаар ангийн хүүг зодож, гэмтээсэн хэрэг өчигдөр 21.00 цагийн орчимд гарчээ. Зодуулсны улмаас хүүгийн нүүр хэсэгт олон тооны зулгаралт, шарх үүсэж, хамар, тархи гэмтсэн байна. Хүүгийн ар гэрийнхэн энэ талаар 22.00 цагийн үед мэдэж, ухаан алдсан хүүгээ эмнэлэгт хүргэсэн байна. Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 35 минутад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Манай хүүхдийг олон хүмүүс зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд хичээлээ тараад автобусанд суухаар ангийнхаа найзуудтай хамт явж байхад нь биед нь халдаж зодсон үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байна. Хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоохоор шинжилгээний байгууллагад шинжээч томилсон" гэлээ.