Бие нь маш хүнд 2 иргэн гадаад руу эмчилгээнд явжээ
Дүнжингаравын уулзварт нэгдүгээр сард гарсан ослын улмаас онцгой байдлын гурван албан хаагч, хоёр иргэн нас барж, 10 гаруй хүн түлэгдсэн. Түлэнхийн төв буюу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайн өдөр Түлэнхийн төвд 14 хүн хүргэгдэж ирснээс одоогийн байдлаар энгийн тасагт байгаа хүмүүсийн ерөнхий биеийн байдал дунд зэрэг, 2-3 дугаар зэргийн түлэгдэлттэй. Нийт гурван хүн байна. Нэг иргэний биеийн байдал тогтворжиж эмнэлгээс гарсан. Харин маш хүнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, хүнд байна. Өнөөдрийн байдлаар хоёр хүний биеийн байдал маш хүнд байна.Тодруулбал, салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал маш хүнд буюу амьсгалын аппаратын тусламжтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа хоёр үйлчлүүлэгч байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан хоёр үйлчлүүлэгчийг ар гэрийнхэнийх нь хүсэлтээр гадаад улс руу эмчилгээнд явуулсан байна.
Түлэнхийн төв дээр ирсэн иргэдийн ихэнх нь 103-ын яаралтай тусламжаар ирсэн. Зарим иргэд замын унаагаар хүргэгдэж ирсэн учир цаг алдаж тусламж авсан хүн байхгүй. Түлэгдсэн иргэдэд шарх цэвэрлэгээ, боолт, мэс заслын эмчилгээ хийж байгаа юм байна.