“Бэрэн” групп шинжээчийн дүгнэлт зөвхөн мөнгө хөөгөөд байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэв
-Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны сонсгол эхэллээ-
“Бэрэн” группийн зээлийн зарцуулалтыг шинжээч танилцуулав. Тэрбээр “Бэрэн групп нь Засгийн газраас 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны долдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын 256 дугаар тогтоолд үндэслэн Бэрэн групээс 2013 оны наймдугаар сарын 21-ны өдрийн 13 тоот хүсэлтийг Хөгжлийн банкинд хүргүүлснээр энэхүү зээлийг олгосон байна. Бэрэн группд нийт гурван удаагийн зээл олгосон бөгөөд эхний ээлжид 2014 онд арматурын үйлдвэрийг 8.59 хувийн хүүтэйгээр 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 22.7 сая ам.долларыг олгосон. Хоёр дахь зээлийг 2018 оны зургадугаар сарын 14-ны өдөр 9.26 хувийн хүүтэйгээр 4.5 сая ам.доллар олгосон. Гурав дахь зээлийг 2017 оны аравдугаар сарын 3-ны өдөр 11.7 сая ам.долларыг орон сууцны барилга санхжүүлэх зорилгоор олгосон байна. Нэгдүгээр зээлийг барилгын арматурын үйлдвэр төслийн Япон улсаас авах үндсэн тоног төхөөрөмжийн 20 хувь, туслах тоног төхөөрөмжийн гэрээний үнийн дүнгийн 80 хувь, үлдэх 20 хувийн нэхэмжлэлийн дагуу хэсэгчлэн санхүүжүүлэхэд зориулагдана. Үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно гэж заасан. Хоёр дахь санхүүжилтийн хувьд 2018 оны 4.5 сая ам.долларыг гэрээний 3.1.4-т заасны дагуу барилгын арматурын үйлдвэрийн төслийн эргэлтийн хөрөнгөд зориулна гэсэн үндэслэлээр, үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно гэсэн заалтаар олгожээ. Гурав дахь зээлийг Бэрэн группын орон сууцны барилга барих төсөлд зориулж 11.7 сая ам.долларыг төслийн хүрээнд баригдах ёстой санхүүжилт үүнээс өөр зориулалтаар ашиглахыг хориглох заалттайгаар оруулжээ. Нийт барилгын арматурын төсөвт өртөг нь 69.1 сая ам.доллар байсан бол гэрээний дүнгээр хоёр удаагийн санхүүжилтээр 27.2 сая ам.доллар олгосон. Арматурын үйлдвэрийн зээлийн хугацаа 2022 оны аравдугаар сарын 15-ны өдөр дууссан бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар Бэрэн группээс 8.1 тэрбум ам.долларыг үндсэн зээл болон, хүүгийн төлбөрт төлсөн. 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 93.7 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр 50.7 тэрбум төгрөг,нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3.3 тэрбум төгрөг буюу нийт 147.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Хөгжлийн банк, Монголбанкны актив ангилах журмын дагуу чанаргүй ангилалд шилжжээ. “Бэрэн” группын барилгын санхүүжилтээр олгосон орон сууцны долдугаар хорооллын 720 айлын болон 120 айлын Ё блокийн орон сууцны хорооллыг санхүүжүүлэх төслийн дагуу 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр 11.67 сая ам.доллар, 9.3 хувийн хүүтэйгээр олгогдсоноос энэхүү зээл нь 2020 оны аравдугаар сарын 23-ны өдөр хугацаа нь дууссан бөгөөд Хөгжлийн банк, Монголбанкны актив ангилах журмын дагуу чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдсэн. Зээлийн төлөгдсөн дүн 3.6 тэрбум төгрөг. Үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 32.7 тэрбум төгрөг, хүүгийн үлдэгдэл 7.2 тэрбум төгрөг буюу нийт 39.9 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй. Өнөөдрийн байдлаар зээлийн тодорхой хэсгийг зориулалтын бусаар ашигласан байна гэсэн дүгнэлт гарсан. Зээл олгох явцад Хөгжлийн банкнаас анхны санхүүжилт буюу 22.7 сая ам.долларыг 2014 онд олгохдоо Хөгжлийн банкны тухай хуулийн 6.1.5-т зааснаар зээлийн үйл ажиллагааны журмын 55.7-т заасан барьцааны шаардлага хангаагүй зэрэг зөрчлийг гаргажээ. Мөн дараагийн санхүүжилт буюу 4.5 сая ам.долларыг нэмж олгохдоо нөхцөл шаардлагыг хангуулахгүйгээр өмнөх зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байхад давуу байдал үүсгэн зээлийг нэмж олгожээ. Барилгын санхүүжилт буюу 11.6 сая ам.долларыг олгохдоо зээлд тавигдах шаардлага нөхцөл байдал, шаардлага бүрэн биелээгүй байхад зээлийн хороо ТУЗ-өөс өгсөн дүгнэлт гарган зээл олгох шийдвэр гаргуулсан нь зээлийн удирдлагын хорооны 5.5-т заасан хурлаар хэлэлцүүлэх материалын 5.2-т заасан хугацаанд ирүүлээгүй. Дээрх санхүүжилтийг гэрээнд заасан хугацаанд зориулалтын дагуу төсөл хөтөлбөрт зарцуулсан эсэхийг данс хөөх аргаар хөөж үзлээ. Нийт олгосон санхүүжилтийн 4.4 сая ам.долларыг тодорхой бусаар зарцуулсан гэж үзлээ. 32 удаагийн үйлдлээр 1.2 сая ам.долларыг бэлэн мөнгөөр гаргаж авсан, 28 удаагийн гүйлгээгээр 3.1 сая ам.долларыг хамаарал бүхий компаниуд руу шилжүүлж ямар зориулалтаар ашигласан нь тодорхой бус байлаа. Нотлогдсон байдлаар үзэх юм бол банк хооронд шилжүүлсэн хуулгыг данс хөөж шалгахад нийт 7.2 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн бөгөөд нийт нотлогдсон дүнгээр хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн данс руу 1.5 сая ам.долларын гүйлгээ хийгдсэнийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хамаарал бүхий этгээд болох нэхээсгүй эдлэл, атар өргөө, Бэрэн трейд болон бусад хамаарал бүхий этгээдийн зээл болон зээлийн хүүгийн төлбөрт 37 удаагийн гүйлгээгээр 5.7 сая ам.долларыг зарцуулсан гэсэн нотлох баримт бүрдлээ. Мөн бэлэн мөнгөний 1.2 сая ам.доллар болон нийт 4.4 сая ам.долларын нотлогдсон байдал илрээгүй байна. 7.2 сая ам.долларын зээлийг зориулалт бусаар ашигласан гэж дүгнэлээ. Харин тус группын захирал ярихдаа “Шинжээчийн дүгнэлт зөвхөн мөнгө хөөгөөд байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Улс төржүүлж байна. Өнгөрсөн хоёр гурван жил бид эдийн засгийн хямралд өртсөн. Үүнээсээ гарах гэж хичээж байна. Аль болох зээлээ бид шуурхай төлөхийн төлөө ажиллаж байна. Шинжээч зөвхөн зээлээр юу хийсэн гээд мөнгө хөөгөөд байгаа нь нэг талыг барьсан аж ахуйн нэгжийг буланд шахаж буйгаас өөр зүйлгүй харагдаж байна. Ууг нь шинжээч зээл юунд зарцуулагдасан. Зээлийн төлөлт цаг хугацаандаа хэрхэн төлөгдөөгүй байна вэ гэдгийг нийгмин байдалтай болон аж ахуйн нэгжийн эрсдэл, шийдвэрүүдэд юу нөлөөлсөн гэдгийг олон талаас нь үзэж дүгнэлтээ гаргаж ирэх ёстой ” гэсэн юм. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.