Б.Чойжилсүрэн: Хөлдөлт үүсэхгүй байх тал дээр бүх хүчээ тавьж ажиллана
ОХУ-аас манайд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа мэдэгдсэн талаар бид мэдээлсэн. Уг асуудлаар Засгийн газар өнөөдөр хаалттай хуралдаж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн оруулж ирсэн цахилгаан эрчим хүчтэй холбоотой авах арга хэмжээний асуудлыг хэлэлцэж байдаг.
Тэгвэл энэ асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Маргаашаас эхлээд цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй болсон.
Учир нь ОХУ-ын талаас манайд нийлүүлдэг 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа өчигдөр бичгээр болон амаар мэдэгдсэн. Нөхцөл байдал хэзээ зүгээр болохыг хэлж мэдэхгүй. Хөлдөлт үүсэхгүй байх тал дээр бүх хүчээ тавьж ажиллана
Эмнэлэг, сургууль, онцгой гэх мэт цахилгаан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад хамруулахгүй байхаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.
-
ОХУ-ын хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан байна.
-
Цахилгаан станцын шинэчлэл ашиглалтад ороогүй учраас ОХУ-ын Гусиноозерск раойн эрчим хүчний дутагдалд орсон гэсэн шалтгаануудыг хэлсэн.
Тиймээс маргаашнаас эхлэн шаардлагатай тохиолдолд цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүй байдал үүслээ. Эхний ээлжинд үүрэг хүлээсэн 124 ААН-ийг цахилгааныг өдрийн цагаар хязгаарлана. Цаашлаад төвийн хэсгийн зургаан аймаг, 150 сум, Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цахилгааныг гурван цаг хүртэл хугацаагаар хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй. Эрчим хүчний салбар тэргүүн ээлжинд системийн тогтвортой байдалд анхаарна. Дараа нь хөлдөлт үүсгэхгүйн төлөө бүх хүчээрээ ажиллана. Эмнэлэг, сургууль гэх мэт онцгой хэрэглэгчдийн цахилгааны хязгаарлахгүй байх чиглэлээр төлөвлөгөө гаргаж, ажиллаж байна.
Манай яам болон Диспечерийн үндэсний төвийн хамтарсан ажлын хэсэг ОХУ руу явж, нөхцөл байдлын газар дээр нь тодруулахаар явсан. Мөн би өчигдөр ОХУ-ын Эрчим хүчний сайдад албан бичиг илгээсэн. Өнөөдөр утсаар ярихыг оролдоно" гэсэн мэдээллийг өглөө.