АТГ: УИХ-ын зургаан гишүүнийг нүүрсний хэргээр яллагдагчаар татсан
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 85 хүнийг яллагдагчаар татан шалгаснаас 6 нь УИХ-ын гишүүн байна гэж Авилгатай тэмцэх газраас мэдээллээ. Нэр бүхий гишүүний бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа.
"УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг УЕП-т хүргүүлж байгаа" гэв
Өнгөрсөн хугацаанд нийт 85 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Үүний 48 нь нийтийн албан тушаалтан байна. Үүний,
- Улс төрд нөлөө бүхий этгээд, УИХ-ын гишүүн 6
- Зам тээврийн хөгжлийн сайд асан 1
- ТНБД асан 4
- аймаг, сумын засаг дарга 4
- ИТХ-ын дарга 1
- УИХ-ын гишүүний зөвлөх 1
- Гаалийн улсын байцаагч 12
- Хил хамгаалах байгууллагын 4
- АТҮТ-ийн албан тушаалтан 4
- Өмнөговь аймгийн Газрын харилцаа зохион байгууллалтын албаны газрын даамал 2
- Боомтын захиргааны мэргэжилтэн 2
- "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн эрх бүхий албан тушаалтан 7
- "Тавантолгой төмөр зам" ХК-ийн эрх бүхий албан тушаалтан 3
- Нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан 15
- 22 иргэн тус, тус яллагдагчаар татагдан шалгагдсан байна.
Үүний 24 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 14 албан тушаалтныг хахууль авсан, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх, 21 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдсан байна.
Одоо шалгагдаж буй хэрэгт 8 яллагдагч цагдан хоригдож байна. Үүнээс гадна, улсын хилээр гарахыг хязгаарласан 41, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 4, хувийн баталгаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг 24 яллагдагчид алсан байна.
Мөн 94 үл хөдлөх хөрөнгө, 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 40 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын гүйлгээ, 4 иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэт цаасны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан" гэв.