Ар гэрийнхэн нь барьцааны хүмүүсийг суллуулахын төлөө шуурхай ажиллахыг Израил улсаас шаардав

10-р сарын 12, 2023 - 08:43
1 жил өмнө
 0  56
Ар гэрийнхэн нь барьцааны хүмүүсийг суллуулахын төлөө шуурхай ажиллахыг Израил улсаас шаардав

Исламын зэвсэгт Хамас бүлэглэл Израилд дайралт хийх үедээ орон нутгийн болон гадны улс орнуудын 100 орчим иргэнийг барьцаалж, Газын Зурваст авч ирсэн гэж олон улс таамаглаж байгаа. Хамас бүлэглэлийн удирдагч Израилын арми бөмбөгдөж байгаа цагт барьцааны хүмүүсийг суллах талаар ямар ч улстай яриа хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Харин Израилын зүгээс барьцааны хүмүүсийг суллуулахын тулд чадах бүхнээ хийнэ гэдгээ амлаж, Турк зэрэг улс барьцааны хүмүүсийг эсэн мэнд суллуулахын тулд зуучлах санал тавьж байна.


Хамас бүлэглэл хэрвээ Израилын талаас Газа хот руу анхааруулга өгөхгүйгээр гал нээвэл барьцааны хүмүүсийг хөнөөнө гэдгээ анхааруулжээ. Халдлагын үеэр сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэн Йерусалим хотод цуглаж, Израилын засгийн газрыг барьцааны хүмүүсийг суллуулах чиглэлд ямар арга хэмжээ авах гэж байгаагаа мэдээлж, тэдний амьд эсэх талаар мэдээлэл өгөхийг шаардаж эхэлжээ. Дэлхийн олон улс Израилд хичнээн иргэн нь амиа алдсан, сураггүй болсон, барьцаалагдсаныг тодруулах, иргэдээ буцааж татахаар ажиллаж байгаа юм байна. Израилын ерөнхий сайд барьцаалагдсан энгийн иргэдийг суллуулахын төлөө шаардлагатай бүх талын арга хэмжээ авна гэдгээ амлажээ.


 Газын Зурвасыг хянадаг Палестины Хамас бүлэглэл Израилд халдсанаас хойш дайны хөлд 5 хоногийн дотор Израилын талаас 1200, Палестины талд 900, нийтдээ 2100 орчим хүн амь насаа алдсан байна.

Одоогоор Израил улс Газын зурваст агаараас цохилт өгсөн хэвээр, Хамас бүлэглэл ч Израил руу пуужин харвасаар байна. Израилын арми Газын зурваст өгч байгаа агаарын цохилт бол дөнгөж эхлэл, удахгүй хуурай замын цэргийн ажиллагаа явуулахаар зэхэж байгаагаа мэдэгдээд байна.

Share:
56

like

dislike

love

funny

angry

sad

wow