"А.Ишдорж нөхрийг нь ажилд оруулж өгсөн цагдаа эмэгтэйнхээ ачаар уснаас хуурай гарах гэж байна"
Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний амь хөнөөсөн хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрбээр нас барсан иргэний ар гэрт 180 сая төгрөг өгсөн гэх мэдээлэл байна. Мөн хэрэг гардаг шөнө А.Ишдорж нөхрийг нь ажилд оруулж өгсөн цагдаа эмэгтэй ээлж ахалж байжээ. Иймд А.Ишдоржийн талд хэргийг аль болох асуудалгүй шийдүүлэхээр зохицуулсан гэх мэдээлэл ч байна.
Энэ тухай нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжаас авсан яриаг хүргэе.
-Таны өгч буй дээрх мэдээлэл үнэн үү?
-Би битгий хэл Өвөрхангай даяараа л энэ тухай жиг жуг гэж ярьж байна. Тухайн өдөр А.Ишдорж архи уугаагүй явсан гэдгийг ч батлахад хэцүү болсон.
-Яагаад тухайн өдөр архи уугаагүй байсан гэх мэдээлэл байгаа шүү дээ?
-Цагдаагийнхан болон өөрөө тэгж хэлж байгаа. Гэвч ямар хурдтай явсан болоод машинаа хонхойтол, талийгаачийг бүтэн яс үлдээхгүй дайрсан байхав. Энгийнээр бодоход л ийм.
-Цагдаа эмэгтэйн мэдээлэл хэр бодитой вэ?
-Үнэн шүү дээ. Хэрэг гардаг өдөр нөхрийг нь ажилд оруулсан бүсгүй ээлж ахлаж байсан.Тэр хүн А.Ишдоржийн талд боломжтой байдлаар асуудлыг зохицуулж өгсөн. Нэгэнт хүний амийг хөнөөсөн байхад нуух аргагүй. Боломжтой байдлаар л эхний хэрэг бүртгэлтийг хийсэн байгаа. Хэрэг бүртгэлт хэргийн маш чухал зүйл байдаг. Одоо энэ хүн уснаас хуурай гарахаар хичээж байна.
-Та энэ мэдээллийг өгч буй зорилго чинь юу юм бэ?
-Хэрэг хийсэн бол хүн өнөөдөр бүрэн дүүрэн хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Засаг дарга байсан гээд албан тушаалтнууд нэгэндээ илт давуу байдал үүсгэх энэ бусармаг ёсонд дургүй хүрч байна. Тийм учраас л энэ тухай мэдээлсэн юм. Одоо А.Ишдорж хоёр гурван өмгөөлөгч авчихсан, түүнийг хорьсон юм байхгүй зүгээр гадуур явж байна гэв.
Эргэн сануулахад ,наймдугаар сарын 11-ний 00:16 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Хурд” ШТС-ын ойролцоо зорчиж яваад 57 настай эрэгтэйг дайрсан. Талийгаач Б Улаанбаатараас Ховд чиглэлийн автобусаар зорчиж явсан бөгөөд зам гарах үедээ дайруулж, эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амьсгал хураасан байна. Засаг дарга А.Ишдорж албаны машин унаж явсан бөгөөд хувийн ажлаар Улаанбаатар хот руу жолоочгүй явжээ. Ингээд буцаж явахдаа хурд хэтрүүлж, хүний амь хөнөөсөн байдаг.