ҮХЦ-ийн их суудлын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргааны хуралдаан хаалттай горимд шилжлээ
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2025.10.22/ өглөө 9.30 цагт эхэлсэн. Тус хуралдаанаар "УИХ-аас 2025 оны аравдугаар сарын 17-ны өдөр баталсан Ерөнхий сайдыг огцруулах тухай" тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм. Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу ҮХЦ-ээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэсэн байдаг.
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасан байна.
Мөн ҮХЦ-ээс "Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал" гэж үзэн, Их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангасан талаараа даваа гарагт мэдэгдсэн.
Улмаар Их суудлын хуралдаанаар яг одоо хэлэлцэж байна.
Тэгвэл хуралдаанд оролцож буй хүсэлт гаргагч болон мэлтэлзэгч тал өөрсдийн үндэслэл тайлбарыг танилцуулснаар хуралдааныг хаалттай горимд шилжлээ. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг үүнээс цааш хаалттай хуралдах бөгөөд гаргасан шийдвэрийг нээлттэй танилцуулах юм. Хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн оролцож байгаа бөгөөд гаргах шийдвэр нь эцсийнх байна.

