''Цагаан шүүдэр'' буух улирал нь энэ жил 09 дүгээр сарын 07-ны өдөр буюу маргааш тохионо

Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 15 дахь улирал болох “Цагаан шүүдэр” буух улирал нь энэ жил 09 дүгээр сарын 07-ны өдөр тохиолоо. Энэ нь сэрүүн намар эхэлж буйн бодит илэрхийлэл болдог.
Монголчууд намрын дунд сарыг нар усны эмчилгээний сар гэдэг. Цагаан шүүдэр, цагаан хярууны улирал эхэллээ гэж үзээд идэш ууш, хувцас хунараа тохируулж өмсөх, уяа болоод унаарын морьдынхоо хүч тарга зэргийг тогтоох тухай ухаан санаагаа боловсруулдаг. Намрын сүүл сард уналга ачлагын тэмээдийн хүч тарга тогтоох, тавга тэгшлэх уяа сойлго эхэлнэ. Өдийгөөс хойш морь малынхаа нуруу туруу хийгээд хүч таргыг тогтоохын тулд уяж хоноод үүр цүүрээр идшинд тавих зэрэг нь өвөл хаврыг ажралгүй давах бэлтгэл эхэлж буй хэрэг.






