СУИС-д ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийлэлтэй холбоотой гомдол цөөнгүй ирэх болсон тул ХЭҮК-оос шалгалт хийж эхэлжээ

ХЭҮК-оос Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуульд хяналт шалгалт хийж байна. ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн оюутан суралцагчдын сурч боловсрох, ялгаварлан гадуурхалт, дарамт хүчирхийлэл, албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна.Сүүлийн жилүүдэд соёл урлагийн салбарт ажлын байрны дарамт хүчирхийлэлтэй холбоотой гомдол ХЭҮК-т цөөнгүй ирж байгаа бөгөөд тухай бүр хяналт шалгалт хийж, холбогдох удирдлагад шаардлага, зөвлөмж хүргүүлэн ажилласан.
СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд бакалаврын 358, эчнээ ангийн 43 оюутан суралцаж байгаа бөгөөд 126 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль нь СУИС-ийн бүрэлдэхүүн 6 сургуулийн нэг бөгөөд Хөгжмийн онолын танхим, Сонгодог урлагийн танхим, Үндэсний урлагийн танхим, Багш, урлагийн боловсролын танхим, Орчин үеийн хөгжмийн танхимтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд тус сургуульд мөрдөгдөж буй оюутан суралцагчдад чиглэсэн дүрэм, журмын хэрэгжилт, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээний үр дүнд дүн шинжилгээ хийж, багш, оюутнуудтай ганцаарчилсан ярилцлага, тайлбар мэдээлэл, санал асуулга авах ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд хяналт шалгалтын дүнг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан арга хэмжээ авах юм.






