III цахилгаан станцын суурин дээр 250 МВт-ын станцыг шинээр барина
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2024.12.24/-ийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэв. “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ.
Насжилт өндөртэй уг станцын хувьд техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөлд байна. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатай юм.
Улаанбаатар хотын одоогийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор Дулааны гуравдугаар цахилгаан станцыг хоёр үе шаттай өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станц, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцыг буулган, суурин дээр нь 250 МВт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барина хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.