“Рутан” ХХК авто зам зөвшөөрөлгүй сэтэлснээр эвдрэл үүсэж, зорчих хөдөлгөөнд саатал гарлаа
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг өнгөрсөн долоодугаар сард эхлүүлсэн. Дээрх ажлыг гүйцэтгэгчээр "Рутан" ХХК ажиллаж байна. Дулааны шугамын ажлыг Улсын драмын театрын урд талбайгаас Монгол Улсын боловсролын их сургуулийн баруун талын зам хүртэл 950 метр талбайд хийх юм.
Өнөөдрийн байдлаар дулааны шугамын ажил Улсын драмын театраас “Сонгдо” эмнэлгийн баруун тал хүртэл, ХХБ-ны зүүн хойноос Боловсролын их сургуулийн баруун тал хүртэл хийгдээд байна. Үлдсэн хэсэг болох “Сонгдо” эмнэлгийн баруун талаас ХХБ-ны зүүн хойд Энхтайваны өргөн чөлөөний авто зам хүртэлх хэсэг шугамын ажил хийгдэж амжаагүй тул Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил нэмж авто зам, явган зам сэтлэх зөвшөөрөл өгөхгүй байхаар шийдвэр гаргасан юм. Гэвч "Рутан" ХХК нь 2024 оны аравдугаар сарын 19-ний өдөр Зоригийн гудамжны авто зам, ХХБ-ны зүүн талын авто замыг зөвшөөрөлгүй сэтлэн дулааны шугамын ажил гүйцэтгэснээс үүдэн авто замд эвдрэл үүсэж, зорчих хөдөлгөөнд саад учраад байна.
Иймд “Рутан” ХХК-д зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, гаргасан зөрчлийг арилгуулна.