Манай улсад агаарын бохирдлын улмаас жил бүр 7139 хүн нас барж, 4.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээдэг
Манай улсад агаарын бохирдлын улмаас жил бүр 7139 хүн нас барж, 4.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байна. Эдийн засгийн хохирлын хэмжээ Монгол Улсын ДНБ-ний 10 хувьтай тэнцэнэ.
Энэ судалгааг Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй "Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь" төслийг хүрээнд боловсруулжээ.
Тодруулбал, өмнө агаарын бохирдлыг үүсгэж байгаа шалтгаан, хаана хамгийн их бохирдолтой байна гэх зэргээр судалдаг байсан бол энэ төслийн хүрээнд анх удаа нийгэм, эдийн засагт учруулж буй дарамт, хор хохирлыг тооцсоноороо жишиг судалгаа болж байгаа аж.
Хөрөнгө оруулалтын жишиг судалгааны тайланд гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын улмаас Монгол Улсын хүн амд учирч буй эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн дарамт тухайлбал өвчлөл, цаг бус эндэгдэл, ажлын байрны бүтээмж буурах зэрэгт гарах эдийн засгийн алдагдлыг тооцож, тоон дүнгээр гаргажээ. Агаарын бохирдлын үндсэн хоёр эх үүсвэр нь гадаад болон дотоод орчны агаарын бохирдол юм. Судалгаанд,
- Амьсгалын доод замын цочмог халдвар,
- Уушгины архаг бөглөрөлт өвчин,
- Зүрхний ишеми өвчин,
- Уушгины хорт хавдар,
- Цус харвалт,
2-р хэлбэрийн чихрийн шижин зэрэг зургаан янзын өвчинд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөллийг авч үзсэн. Өөрөөр хэлбэл дээрх судалгаанд дурдсан нас барагсдын тоон халдварт өвчний нөлөөлөл хамаарахгүй аж.