28 жилийн турш далай ээжийгээ бохирдуулчихлаа гэж харамсаж явсан жолооч машинаа гаргаж авчээ
Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажиллагааг энэ оны зургадугаар сараас эхлэн зохион байгуулан ажиллаж байна. Татан гаргасан эдгээр тээврийн хэрэгсэлд байсан нийт 34.7 тн шатахуун, тос, тослох материалыг юүлж, бохирдлыг холбогдох дүрэм, зааврын дагуу устгах ажлыг зохион байгуулж, нуурын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан байна. Эдгээр далай ээжээс гаргаж авсан машинуудын нэгийг нь жолоодож явсан жолооч газар дээр нь очиж машиных нь шатахуун далай ээжийг бохирдуулаагүй, асгараагүй байсанд баярласан байна. Үүнийг нь харсан Б.Бат-Эрдэнэ гэх хүн цахим орчинд жиргэжээ.
Тэрбээр "1995 оны 02 сарын 10-ны өглөөний 10 цагт нарядаа бичүүлж аваад хөдөлсөн аймгийн арслан, жолооч Цогтоо. Мөсөн дээгүүр давхиж явтал гэнэт мөс цөмрөх чимээ гарч түлш ачин унаж явсан Зил-130 автомашин нь чиргүүлийн хамт живжээ. Машинаа мөснөөс гаргах гэж хэдэнтээ оролдоод чадалгүй өөрөө арай гэж машиныхаа хаалганы хажуу талаас татан дээш тэмүүлж амьд гарсан. 28 жилийн турш далай ээждээ очиж залбирсан. Тэр живсэн машиныг нь нуурын 128 метр гүнээс гаргасныг сонсоод жаахан хүүхэд адил гүйн ирж уйлж байхыг хараад дэргэд нь байсан хүмүүс дагаж мэлмэрсэн . 28 жилийн турш далай ээжийгээ бохирдуулчихлаа гэж харамсаж явсан сэтгэл дэвтэж Зил-130 машин нь чиргүүлийн хамт, түүн дундаа ачсан түлш нь дүүрэн байхыг хараад олон жилийн сэтгэлийн хар чулуу мултарчээ" хэмээсэн байв.