Цасан шуурганаар төөрсөн, сураггүй болсон 10 иргэнийг эсэн мэнд оллоо
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн “Битүү” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 218 км, сумын төвөөс баруун хойд зүгт 38 км/-т Тус сумын харьяат иргэн С 12.13-ны өдрийн 12:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 23:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид, Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн С /57 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 12.14-ний өдрийн 06:20 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14:46 цагт гэрээс урд зүгт 17 км зайтай “Цохиот толгой” гэдэг газраас эсэн мэнд олсон.
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Сангийн далай багийн ‘’Баруун баянхонгор’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 345 км, сумын төвөөс баруун зүгт 75 км/ Завхан аймгийн Отгон сумын харьяат 4 хүн, 3 мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Иргэн П /46 настай, эрэгтэй/-г 02:00 цагт гэрээс нь зүүн урд зүгт 10 км зайтай газар малтайгаа явж байсныг эсэн мэнд, Р, А нарыг гэрээс нь хойд зүгт 16 км зайтай “Задгай-Ар” гэдэг газраас эсэн мэнд олсон.
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн “Хясааны-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 180 км, сумын төвөөс баруун хойд урд зүгт 60 км/-т Завхан аймгийн Их-Уул сумын харьяат иргэн Д автомашинаар гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 23:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Д /45 настай, эрэгтэй/-ыг 12.14-ний өдрийн 02:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 10:38 цагт тус багийн “Хясааны-Үзүүр” гэдэг газар иргэн Э-ын гэрт байсныг олсон.
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн “Мажуудайн бууз” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км, сумын төвөөс баруун урд 40 км/-т 12.13-ны өдрийн 22:00 цагийн орчим иргэн Р гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.14-ний өдрийн 08:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Р /50 настай, эмэгтэй/-г 12.14-ний өдрийн 08:45 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 09:40 цагт гэрээс нь баруун зүгт 4 км зайд тус багийн “Хүрэн толгой” гэдэг газраас эсэн мэнд олсон.
Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн Бор нуруу гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км, сумын төвөөс хойд зүгт 5 км/-т 12.14-ний өдрийн 09:00 цагийн орчим малчин Б морьтой малаа хариулахаар гараад сураггүй болсон дуудлагыг 12.14-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Ч /51 настай, эрэгтэй/-ыг 12.14-ний өдрийн 19:05 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 12.15-ны өдрийн 05:35 цагт гэрээс нь баруун урд зүгт 30 км-т Дөхөм багийн “Хээшин худаг” гэдэг газраас морио хаяад явган төөрсөн байдалтай байсныг эсэн мэнд олсон.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн Хамрын хийд гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 30 км/-т Иргэн Б, Б нар автомашинтай төөрсөн байна гэж ар гэрийхэнтэйгээ утсаар ярьж солбицол явуулсан тухай дуудлагыг 12.15-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид иргэн Б/53 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг 12.15-ны өдрийн 00:20 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 05:27 цагт “Хамрын хийд” гэдэг газраас автомашинтайгаа цасанд суусан байсныг эсэн мэнд олсон.