С.Алунгуа гэх талийгаачийн өмгөөлөгч мэдээлэл хийлээ
Зам тээврийн ослоор нас барсан С.Алунгуа гэх эмэгтэйн эд эрхтнийг нь зөвшөөрөлгүй авсан гэх мэдээллийг zarig.mn сайт гаргасан. Энэ хэрэгтэй холбоотойгоор талийгаачийг дайрсан жолооч нь өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хохирогчийн ар гэрийнхэнтэй холбогдоогүй, машины гэрлээ төлүүлнэ гэж өмгөөлөгч нь хэлсэн гэх мэдээлэл гарсан билээ. Энэ мэдээлэлттэй холбогдуулан дайрсан жолоочийн өмгөөлөгч мэдээлэл хэллээ.
Тэрбээр, “Осол гаргасан жолооч нь зам тээврийн осол гарсан цагаас өнөөдрийг хүртэл талийгаачийн ар гэртэй байнга холбоотой байж, уучлал хүсч, тодорхой зардал, мөнгөн тусламж үзүүлж байсан. Өөрөө тэтгэврийн зээл авч 10 орчим сая төгрөг хохирогчийн ар гэрт өгөх хүсэлт тавьсан. Хохирогчийн ар гэрт хуулийн байгууллагын шийдэх асуудал дуусаагүй байгаа ч одоогоор 10 сая төгрөгийг өгөх санал тавьсан ч ар гэр нь хүлээж аваагүй. Мөн үүний дараа талийгаачийн ар гэр гэх н.Эрдэнэбаатар гэх хүн манай үйлчлүүлэгчээс 30 сая төгрөг, унаж яваа машиныг нь авна гэсэн. Миний үйлчлүүлэгч зам тээврийн осолд холбогдсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл холбоотой байж, эд зүйлсээр тусалсан байсан. Өмгөөлөгчийн хувьд талийгаачийн ар гэрийхэнтэй нэг ч удаа уулзаагүй. Тодорхой хэмжээний эд зүйлээр тусалж, эхний ээлжинд 10 сая төгрөг өгөх санал гаргасан ч хохирогчийн ар гэр татгалзсан. Манай үйлчлүүлэгч тэтгэвэрт гарсан, 60 гаруй настай хүн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн өдөр юу болсон бэ гэхээр талийгаач нас барсан өдрөө найзуудтайгаа уулзаж, тодорхой цагт архидаг согтуурсан байсан бөгөөд гарцгүй газраар зам хөндлөн гүйж яваад аваарт орсон. Өмгөөлөгчийн зүгээс хүний амь нас хохирсон байхад машины гэрэл төлүүлнэ гэж дайрсан гэсэн мэдээллийг олон нийтэд өгч байгаа. Өмгөөлөгчийн хувьд хагарсан гэрэл төлүүлнэ гэдэг зүйл огт яриагүй. Ослын үеэр ч машины гэрэл хагарч, гэмтээгүй. Миний үйлчлүүлэгч зам тээврий осолд холбогдсон цагаас хойш харамсч, уучлал хүсч, биеийн эрүүл мэндийн хувьд ч хүнд байгаа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон нийтэд миний үйлчлүүлэгч, өмгөөлөгчийг худал гүтгэлэг тарааж байгаад харамсч байна" гэв.