Кубын иргэдийг Оросын армид элсүүлдэг хэд хэдэн бүлэг байдаг
Орост төвтэй гадаадын иргэдийг цэрэгт элсүүлэх бүлэглэл Кубын иргэдийг онлайнаар онилж, тэдэнд ашигтай гэрээ санал болгох, Орос руу гарахад нь туслах, гэр бүлд нь иргэншил олгох зэрэг амлалт өгдөг байна гэж The Moscow Times сонины эрэн сурвалжлах алба мэдээллээ.
Кубын засгийн газраас Оросын цэрэгт элсүүлэх зорилготой хүний наймааны гэмт бүлэглэлийг илрүүлснээ мэдэгдсэн бөгөөд олон жилийн сайн түншлэлийн харилцаатай тус хоёр улсын харилцаанд бараг гарч байгаагүй асуудал үүсчээ. Харин The Moscow Times сонины эрэн сурвалжлах алба Орост төвтэй гадаадын иргэдийг цэрэгт элсүүлдэг олон нийтийн сүлжээний хэд хэдэн бүлгийг илрүүлсэн байна. Cubanos en Moscú (Москвагийн Кубачууд) нэртэй Facebook хуудаст Орост цэргийн гэрээт албыг сурталчилсан нийтлэлүүдийн дийлэнхийг Елена Шувалова гэдэг эмэгтэй хийжээ.
Кубын иргэд Оросын армитай нэг жилийн гэрээ байгуулж, сард 204 мянган рубль буюу 2090 ам.долларын орлого олох боломжтой гэж Шувалова бичжээ. Ажилд орсон хүн өөрөө болон гэр бүлийнхэндээ Оросын иргэншил авах боломжтой гэнэ. Хугацаа нь дууссан эсвэл паспортын зөрчилтэй ч байсан бүртгүүлж болно гэж бичсэн байсан бөгөөд зөвхөн зураг цагаачлал хүссэн өргөдөл байхад л хангалттай аж. Шувалова Орост байгаа гадаадын иргэдэд, тэр дундаа бичиг баримтгүй цагаачдад цэргийнхэнтэй гэрээ байгуулахад тусалж чадна гэдгээ “The Moscow Times” сонинд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. "Гадаад паспорт байхгүй ч зураг нь байхад л болно. Зураггүй байсан ч бид [гэрээнд] гарын үсэг зурж болно" гэж тэр хэлэв. Шувалова испаниар ярьдаг бөгөөд нэлээн их Кубачуудыг Украины фронт руу явахад нь тусалсан гэж ярьжээ.
Тус бүлэглэлийнхэн энэ хууль бус үйл ажиллагааныхаа төлөө ихээхэн орлого олдог бөгөөд Шуваловагаас ОХУ-ын Батлан хамгаалах яаманд ажилладаг эсэхийг асуухад тэрээр хариулт өгөхөөс татгалзжээ. ОХУ-ын цэргийн хувцастай зургаа нийтэлсэн Cubanos en Moscú фэйсбүүк группын нэг гишүүн “Шувалова армид элсэхэд тусалсан” гэж мэдэгджээ. "Цалингаа өдөр бүр татвар шимтгэлгүй авдаг бөгөөд визний асуудлыг компани хариуцдаг" гэж тэр Куба хүн тус фэйсбүүк хуудаснаа бичжээ. Шувалова Оросын алдартай ВКонтакте вэб сайтад гадаадын иргэдийг ажилд авах зар нийтэлжээ. Нэрээ нууцалсан Кубын хоёр иргэн “Оросын армид алба хаах хүсэлтэй байгаа ч хариу ирээгүй л байна " гэж The Moscow Times" сонинд ярьжээ. "Тэнд цалин сайн авдаг бөгөөд энэ нь хурдан их мөнгө олох сайхан арга юм" гэж эрчүүдийн нэг хэлэв.
"Цэрэгт сайн цалин авна, надад мөнгө хэрэгтэй байна. Би цэргээс халагдаад Орост үлдэх байх" гэж нөгөө нь тус сонинд олайнаар ярижээ. Кубын цагаачидтай нягт хамтран ажилладаг Испани хэлний орчуулагч цэргийнхэн Кубаас эрчүүдийг элсүүлж байсныг баталжээ. “Олон залуус Кубаас шууд мөнгө олох гэж ирдэг. Тэд гэрээ байгуулж Москвагаас шууд тулалдахаар явдаг" гэж орчуулагч хэлэв. "Тэгээд тэд алга болно. Тэдний хамаатан садан нь Кубын цагаачдаас эсвэл олон нийтийн сүлжээгээр дамжуулан тэднийг хайдаг. Гэхдээ бид үүнд ямар ч хамаагүй. Тэд алагдсан байх магадлалтай." 2022 оны намар Ерөнхийлөгч Владимир Путин гадаадын иргэдийн гэрээт цэргийн алба хаах доод хугацааг таван жил байсныг нэг жил болгон бууруулах зарлигт гарын үсэг зурсан.
Үүний зэрэгцээ Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулсан гадаадын иргэдэд түргэн шуурхай иргэншил олгох санал тавьсан. Шинжээчдийн хэлснээр, зургадугаар сарын сүүлчээр Оросын армид гэрээт цэргийн алба хаах онлайн сурталчилгаа Армен, Казахстанд их явагджээ. “Сайн дурынхан” гэгдэх хүмүүст нэг удаагийн төлбөр 495 мянган рубль буюу 5050 ам.доллар, сард 190 мянган рубль буюу 1940 ам.долларын цалин өгнө гэж амладаг байна. Нэрээ нууцлахыг хүссэн Оросын армийн ахлах офицер The Moscow Times сонинд өгсөн ярилцлагадаа орос албанд байлдаж байгаа олон улсын цэргийн батальонуудын тоонд цочирдсон тухайгаа ярьжээ. “Кубачууд байсан, сербүүд байсан. Тэд орос хэлээр муу ярьдаг бөгөөд энэ нь цорын ганц асуудал биш юм. Тэдэнтэй хэрхэн ажилладаг нь тодорхойгүй байна" гэж тэр офицер хэлжээ. "Тэд ямар нэгэн хувийн цэргийн компаниуд биш. Тэд бүгд Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулсан” гэж тэр нэмж хэлэв. Гэсэн хэдий ч Оросын армид гадаадын дайчид ямар үүрэг гүйцэтгэдэг гэдэгт шинжээчид эргэлзэж байна. ОХУ-ын цэргийн шинжээч Павел Лузин хэлэхдээ, эрх баригчид Оросын армид алба хаах гадаадын иргэд илүү их хэмжээгээр татагдана гэж найдаж гэрээний доод хугацааг нэг жил болгон бууруулсан боловч бодит байдал дээр бараг өөрчлөгдөөгүй байна. "Тэнд хэдэн арван мянгааараа гадаадын цэргийн албан хаагчид байгаа нь тодорхой" гэж Лузин хэлэв гэж The Moscow Times мэдээллээ.