Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд ахална
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийлээ. Уулзалтад газар тариалан, хөдөө аж ахуй, мах, сүүн болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав, баглаа боодол зэрэг мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцлаа.
Ерөнхий сайд хүнс, хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбарын нэг болохыг онцлоод манай улс хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилт тавин ажиллаж буйг тэмдэглэв. Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн барьж, Хөдөө аж ахуйн тухай хууль, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг холбогдох хуулийн хүрээнд судалгаа хийгээд байна. Үйлдвэрлэгчдийг санхүүгийн эх үүсвэр, татварын бодлогоор мөн дэмжин ажиллаж байна. Засгийн газраас 1851 иргэн, аж ахуйн нэгж, хоршоонд нийт 667,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, эх үүсвэрийн ашиглалт 68 хувьтай байна. Сүүний урамшууллыг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлснээр шингэн сүүний нийлүүлэлт нэмэгдсэн байна. 2023-2024 онд бүх төрлийн малын махны экспорт, импортод тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн, энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 70.0 мянган тонн мах экспортолж өмнөх оны мөн үеэс экспортын хэмжээ дөрөв дахин өссөн байна.
“Хүнсний хувьсгал” ТББ-ын зүгээс хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлыг танилцуулж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцлов. Дэлхийн хүнсний байгууллагын гурван стандартыг бүрэн нэвтрүүлснээр экспортын шаардлагыг хангах, хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, татварын хөшүүрэг бүрдүүлэх санал гаргав. Мөн хүнсний хувьсгалын хүрээнд сүү, малын мах, гахай, тахианы мах, өндөгний зэрэг томоохон төсөл хэрэгжүүлэх, тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, шаардлагатай хууль эрх зүйн орчныг бий болгоход ойрын хугацаанд анхаарах хэрэгтэйг уламжлав.