Гишүүд “мад” тавиулсан ч ҮХНӨ оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ
УИХ-ын гишүүдийг 152 болгох тандалт бараг л амжилтгүй боллоо. Гишүүд тойрог руугаа хурд хувааж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа зөвхөн УИХ нь нэг танхимтай, 152 гишүүнтэй байна гэх өөрчлөлтийг олон нийтэд танилцуулах гэсэн боловч тэднийг очсон газар бүрт нь таатай хүлээж авсангүй. Харин ч УИХ-ын дарга Г.Занданшатарт “Танай ангийнхан муу байна. Таны удирдсан ангийнхан чинь хулгайчид. Тэдний тоог 152 болгох юм бол хулгайчдын тоог л нэмнэ” хэмээн улалзтал нь хэллээ.
Тойрогтоо ирсэн зарим гишүүдийг иргэд ”Буцаад яв,юуны чинь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх. Орон нутагт амьдрал хүнд байна” гээд халгаасангүй. Зарим гишүүд хөгшчүүд голдуу цугларахаар, ажлын өдрийн ажлын цагаар уулзалтаа товлосон нь бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэр болов. Иргэддээ хөөгдөж, загнуулсаар УИХ-ын гишүүд өнөөдөр ордондоо ирэв. Тэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг сонгогчдодоо танилцуулсан энэ долоо хоногоор хуралдаж, ҮХНӨ оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр болов. УИХ-ын гишүүд олон нийт Үндсэн хуулийн өөчрлөлтийг хүлээж авахгүй байна гэж асуудлыг үнэнээр нь хэлэх нь үү. Эсвэл олон нийт ард түмэн гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж, хүсэн хүлээж байгааг судалгааны дүн харууллаа” гэх нь үү гэдэг нь сонин.
Юутай ч ард түмэн бухимдалтай, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гишүүдийн тоог их болгохыг дэмжихгүй байгаа нь тодорхой харагдсан. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс илүү өнөөдрийн амжиргаа, цалин, тэтгэврийн нэмэгдэл, үнийн өсөлтийн талаар ард түмэн үгээ дайснаар УИХ-ын гишүүд “мад” тавиуллаа. Иргэн байхгүй бол төр үгүй гэдгийг эндээс дахин тод харсан гэхэд хилсдэхгүй.