Гэрээт алба хаагчид хүүхэд хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй ч сахилгын арга хэмжээ авна
Олон нийтийн цахим сүлжээнд цагдаагийн хувцастай хүн хүүхэд хулгайлахыг завдсан гэх мэдээлэл нийтлэгдсэн. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Дотоод хяналт-Аюулгүй байдлын газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс хамтран шалгаж байна. Тухайн алба хаагч нь Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн гэрээт алба хаагч "У" байжээ. Урьдчилсан байдлаар найзынхаа гэрээс гарч явахдаа бага насны хүүхдүүд картаар тоглож байхаар нь "Нэг нэгнийхээ нүд рүү хатгаваа, наад карт чинь үзүүртэй гэмтээж магадгүй, эвгүй тоглоом, ингэж тоглож болохгүй" гэж хэлсэн, өөрөө жаахан дүүтэй болохоор чихэр авч өгье гэсэн гэх ба ямар нэгэн буруу санаа бодол байхгүй гэжээ. Шалгахад энэ үйлдэл нь үнэн бөгөөд удалгүй тэгээд яваад өгсөн болох нь тогтоогдсон байна. Нэг үгээр хэлбэл хүүхэд хулгайлах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байна.
Тухайн алба хаагчид болон удирдлагад нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэж байна" хэмээн мэдээллээ.