Энхтайвны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх замын долгион үүссэн хэсгийг дахин засахаар болжээ
Энхтайвны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг баасан гаргийн 23 цагаас хааж авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэсэн. Энэ явцад авто замын тэгш байдал алдагдаж долгион үүссэн асуудлыг иргэд олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн юм.
Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад албаны хүмүүс газар дээр нь ажиллажээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, Хугацаа ёсоор дээрх авто замыг 21-ний өдрийн өглөө 06.00 цагт нээх ёстой. Шөнийн цагаар авто зам засварын ажлыг гүйцэтгэж байх хугацаанд цас орсон.
Үүний улмаас авто замын тэгш байдал алдагдаж хэсэг газар долгион үүссэн байдалтай байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллага буюу “Трүйроад” компани өөрсдийн хөрөнгөөр дахин засварын ажлыг үргэлжлүүлнэ гэв.
“Трүйроад” компанийн ерөнхий инженер Ж.Мөнхсүх, Бид энэ бямба гарагт хучилтын ажлаа эхлүүлсэн. Энэ явцад автозамын тэгш байдал алдагдаж хэсэг замд долгион үүссэн. Аравдугаар сард цаг агаар дулаан, хучилт хийх боломжтой байвал бид авто замыг засварлах бүрэн боломжтой. Хэрэв цаг агаар хасах градусд орвол технологи алдагдах учраас бид хучилт хийх боломжгүй гэжээ.