Автомашинтайгаа голд живсэн нэг иргэний цогцсыг олж, нөгөөг нь эрэн хайж байна
Энэ сарын 17-нд "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И/58 настай, эрэгтэй/ нар "Онон" голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живжээ. Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайрагдаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна.
Харин зорчигч И-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг 09.18-ны өдрийн 09.50 цагт ирүүлсэн байна. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар Онон голын 8 метрийн гүнээс "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг 09.22-ны өдрийн 08.40 цагаас зохион байгуулж, 15.10 цагт гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэж өгсөн байна. Иргэн И-г эрэн хайх ажиллагааг 18:00 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоожээ. Эрлийг өнөөдөр 07.00 цагаас эхлүүлсэн байна.